“Өрөвдмөөр” оюутнууд…
2014-12-03     0 сэтгэгдэл     Үзэл бодол,  

Яагаад өрөвдмөөр гэж үү?  Үргэлж бид орлогогүй, биднийг харж үзэх хэрэгтэй, бид ирээдүйд эх орноо авч явах улс гэх мэтчилэнгээр өөрсдийгээ тодорхойлж,нийгмээр нь өрөвдүүлж, халамжлуулсаар олон жил өнгөрлөө. Намайг оюутан байх үеэс одоо хэр их өөрчлөгдсөн гэж? Байнга бусдаар өрөвдүүлж,халамжлуулах сэтгэлгээг бид оюутан цагаас эхлэн өгөөд байвал ирээдүйд тэд БҮТЭЭГЧ бус бас л нэгэн ӨРӨВДҮҮЛЭГЧ хэсгийг бий болгоно. Ингээд л Төр засгаас ажлын байр,амьжиргааны тэтгэмж, бага ажил хийж, их цалин авах гэсэн, цөөн өдөр ажиллаж, олон өдөр амрах гэсэн энэ нийгмийн “өрөвдмөөр” бас бусдын хүч хөдөлмөрийг ШИМЭГЧ давхаргыг өвлөн аван цааш нь улам өргөжүүлсээр байх биш үү? 

Уг нь тухайн нийгмийн хамгийн эрч хүчтэй, оюунлаг, аливаа шинэ бүхнийг санаачилаж, бас дэмжиж, залуу дүү нартаа үлгэр жишээ болох хэсэг нь оюутнууд байдаг. Их сургуулийн оюутан болж,зорилго мөрөөдлийнхөө төлөө оюутны гэх цөөн жилдээ ихийг амжуулах гэж хичээдэг, үүний хажуугаар залуу насны сайхан дурсамжуудаа бүтээж явдаг гайхалтай цаг үе. Мэдээж эндээс л ирээдүйн улс нийгмийн манлайлагчид төрөх ёстой. Гэтэл өнөөдөр манай оюутнуудын дийлэнх нь мөнгө, эд материал,өнөөдрийн л сайн сайхныг харж сонголтоо хийж,үзэл бодлоо худалдаж, хүсэл мөрөөдлөө ч үгүй хийж чаддаг болж. Бас гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дотор оюутнууд  олон болсоор. Үүнийгээ тэд мөнгөгүй, амь зуухын эрхэнд, төлбөрийн мөнгөө үрчихсэн, сургуулиасаа хөөгдөх гээд аргагүй эрхэнд гэх мэтээр шалтаглана. Дийлэнх нь тархины багтаамжаа тооцолгүй,эцэг эхийнхээ хүч хөдөлмөр, сэтгэл бодлыг цөлмөн байн их сургуулийн хаалга татна. Үүгээр ч зогсохгүй хотын хүн болох гэж байна гээд өнгө алаг хувцас хунар, элдэв чамин гар утас зэрэгт гэрийнхнийхээ хоолны мөнгийг,тэр ч бүү хэл өөрсдийгөө ч худалдахаас сийхгүй болж байгааг хөндлөнгөөс хараад эмзэглэхгүй байхын аргагүй байна.

Оюутан гэсэн нэр зүүн охид нь “биеэ үнэлэгч”,хөвгүүд нь “хулгайч,гэмт хэрэгтнүүд” шиг амьдарсаар, хонхны баяр хийх л гэж  4 жилийг өнгөрөөсөн мэт “тансаглах”, Диплом гэх эрээн цаастай хавтасыг л өвөртлөчих юм бол ирээдүй нь баталгаатай болчих юм шиг өчүүхэн сэтгэх олонх хэсгийг яалтай вэ? 

Өмсөх хувцас, хэрэглэх утас, чамин ганган машин зэрэг бол  өнөөдөр чи хэр их мэдлэг чадварыг өөртөө олж  авсанаас шалгаалтган маргааш чамд өөрөө гүйгээд ирэх л зүйл. Энэ эд материалын үнэ цэнэтэй хандлага нь оюутнуудын  маань боловсролыг үнэлэх үнэлэмжийг хэт доош нь татаад байх шиг. 

Сар бүр автобусаар үнэгүй зорчих эрхтэй карттай,сар бүр улсаас 70 000 төг тэтгэмж авна.Бас сургалтын төлбөр нэмэгдлээ, арай дэндэнэ гэж намар бүр эсэргүүцэл,жагсаал цуглаан болно.  Гэтэл “баасан ахын төрсөн өдөр” тэмдэглэхээр ордог баарны пивоны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх, такс нь 20 000 төгрөг хүрэх, үнэтэй гар утасаа хулгайд алдаад дахин авах зэрэг нь бол юу ч биш. Байх л зүйл мэт хандана, түүнгүй бол үхэх шахна. Таны тархи оюунд чинь хөрөнгө оруулалт хийж, ирээдүйд чинь баталгаа болох эрдэм боловсролдоо бол 1 нэг жилд 100 000 төгрөг илүү төлөх “хэцүү” байдаг. Өнөөдрийн Монголын их дээд сургуулиудын төлбөр буюу  “дээд боловсрол” олгох үнэ 2,5 саяас нэг их хэтрэхгүй байгаа. Гэтэл тийм ч тансаг зэрэгллийн биш ,хувийн цэцэрлэгийн сарын төлбөр 250 000 төгрөг буюу жилд 2,5 төгрөг. Бас хамгийн ТОП биш дундаж хувийн дунд сургуулийн төлбөр 2-3 сая төгрөг байна.  2 ширхэг Iphone 5 утасны үнэтэй л гэж жишиж ч бас болно. Ингээд харахаар бүхэл бүтэн мэргэжил эзэмшиж, дээд боловсролын диплом гардах гэж байгаа хүнд өгч байгаа боловсролын үнэ  хямдхан биш гэжүү? Гэхдээ мэдээж үнэ дагаад чанар өсөх тухай асуудал гарч ирэхийг үгүйсгэх гээгүй юм шүү. 

Харин оюутан гэсэн нэрийг зүүж, оюуны их далайгээс ихийг шүүрдэн авах ёстой залуус маань өнөөдрийн материаллаг хандлагаа түр хойш нь тавьж, байгаагаа бага гэхгүй, зөвхөн бусдаар өрөвдүүлж,халамжуулах бус өөрийн хүчиндээ итгэж, өөртөө нуугдан байгаа тэр их авьяас,чадвар,нөөц боломжоо дайчилан гарга.Шүүмжилэхээсээ илүүтэйгээр бүтээлчээр эргэн тойрноо ажигла. Боломж үргэлж байдаг, чамд байгаа “бэрхшээл” гэх зүйлийг шийдэх гарц заавал олддог. Баар,зугаа цэнгээнд бус өөрийнхөө оюуны хөгжил, хэлний мэдлэг зэрэгт цагаа илүү зарцуул. Бас би л хөдөөнөөс ирсэн гэж бүдүүлэг аашлах оюутнууд яагаад хотын соёлд суралцаж, зам хөндлөн гарахдаа зөв,хүнтэй харилцахдаа зөв, хувцаслахдаа зөв, аливаа газраар үйлчлүүлэхдээ зөв байж болохгүй гэж? 

Нийгмийн шинэлэг, гэгээлэг бүхнийг оюутнуудаасаа харж чаддаг байвал нийгэм ч та нарыг дагаад өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаарай.

ЭДЭЭР БИЕЭ ЧИМЭХЭЭР ЭРДМЭЭР БИЕ ЧИМ.

 

  С.Ангараг 2013.09.25





Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан