ААВ
2014-12-03     0 сэтгэгдэл     Үзэл бодол,  

“..Холоос хүрээд ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн” гэдэг хэдийн миний дуу байхаа больжээ. Аавын минь хэдийн одсон тэр хол газраас хэн ч, хэзээ ч эргэж ирдэггүй нь гачилантай. Аавын тухай дуу, аавтай хүмүүсийн бахдал ярианаас аль болох холуур тойрохыг хичээсээр бас  олон жил өнгөрчээ. Тэр л хүнээс эхээ авч, энэ хорвоод мэндэлсэн би өөрийгөө хичнээн азтай гэдгийг ухаарч, мэдрэх хүртэл бас л олон жилийг зарцуулсан даа.  

Хүний амьдрал дандаа л жаргалтай, дардан байдаггүй ч тухайн үедээ зовлон, хэцүү мэт санагдаж байсан зүйлс маань одоо эргээд  харахад намайг өнөөдөр энд авчирах зам, өнөөдрийн амьдралын бэлгийг авах даваа, сорилт байсан ч юм шиг.  Одоо ч би аавынхаа хар хилэн халимаг,зөөлөн дулаан харц, өндөр сайхан дүрийг нүдэндээ хааяаа харсаар л байдаг. Заримдаа аав минь байсан бол гэсэн харамслын нулимас нүдний аяганд минь дүүрч ирэхэд эргээд залгидагийг нуугаад ч яахав.  Аавынхаа залуу халуун нас, хайр дурлал, амьдарч байсаных нь ул мөр, залгамж болсон өөрийгөө  хааяа голдог ч би чинь тийм л мундаг хүний хүүхэд байж гэж өөрийгөө зоригжуулах үе ч олонтаа..

Аав минь гарын ур дүйтэй, сэргэлэн, бусадтай нийцтэй, хүүхдүүд бидэндээ халамжтай хүн байсан даа. Нийгэм цагийн хүнд хэцүү даваа, шалгуурыг давах гэж зүдэрч байх үедээ аав минь биднийг орхид амьдралын өөр замыг сонгох үед сэтгэлдээ түүнийг бяцхан ухаанаараа буруутгаж, үзэн ядаж, ирээдүйд тэр л хүнд өөрийгөө гайхуулахаар мундаг хүн болно доо гэсэн ахадсан зорилго мөрөөдлийг тээж байсан. Нас нэмэгдэж, ухаан суух тусмаа аавыгаа уучилах шалтгааныг амьдрал дундаас олныг олж, тэр хэрээрээ аавыгаа сэтгэл дотрох үзэн ядалтын торноосоо бага багаар сулласаар байсан юм. Уулзахгүй хол явлаа ч намайг хаа нэгтээгээс харж л яваа, охиноороо бахархаж л яваа даа гэсэн бодлоор өөрийгөө аргадаж, “Аав нь охиноороо бахархаж байна” гэсэн үгийг хэзээ нэгэн цагт надад зориулж хэлнэ гэсэн алс холын хүлээлтийг өөртөө тээсээр л явсан. Гэтэл нэг л өглөө тэр хүлээлт хийсэн одож, бидэн дундаас алслан одсон тухай мэдээг дуулаад ямар олон зүйл дээр харамсаж байснаа, одоог хүртэл харамссаар, өөрийгөө загнасаар л байна. Мөнхөд л байх юм шиг, хэзээ нэгэн цагт уулзах л юм шиг хэнэггүй явсандаа харамсаж, ядаж нэг удаа ч болов тэр хүнийг уучилж, уулзаж, үр хүүхэд бидэндээ гэсэн сэтгэлийн үгийг нь сонсох нь яав даа.. сүүлийн удаа аавтайгаа “уулзаж”, салах ёсыг гүйцэтгэж чадаагүйдээ  “би маш муу охин” гэж өөрийгөө одоог болтол зэмлэсээр... 

Бага наснаасаа уран зөгнөл, давилуун мөрөөдөлдөө хөтлөгдсөн охин байхдаа уран зохиол, шүлэг ,дуугаар хөглөгдөн явахдаа ангийнхаа охины захиалагаар 5-р ангийн охин хайрын шүлэг бичсэн байныг аав чинь олж үзчихээд айхтар загнаж байсныг хэзээ ч мартдаггүй.: “миний охин ээж, эмээ,өвөөдөө гээд л олон хүнд зориулсан шүлэг, бүтээл зөндөө л бичсэн байх юм. Аавдаа зориулж ганц шүлэг бичиж өгөхгүй  юмуу” гэж асууж байсныг нь одоо болтол мартдаггүй. Аав таныгаа гэсэн сэтгэлдээ сая сая удаа шүлэг зохиож, олон ч дууг тандаа зориулж дуулсаныг та минь мэдээгүй... Энэ насандаа таныхаа хүслийг биелүүлж, хорвоогийн олон сайхан аав нарт зориулсан тэр л гэгээн зүйлийг бүтээх хүслээ охин чинь сэтгэлдээ тээсээр л яваа шүү... Овог нэрээрээ бүтэн дуудуулж, алдрын тавцанд таныхаа нэртэй мөнхлөх хүслээ ч бага багаар биелүүлсээр яваа шүү ааваа.. 

2013.08.08





Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан