Мөрөөдөл өөрөө биелэгддэг үү? Эсвэл бид мөрөөдлөө биелүүлдэг үү?
2014-12-03     0 сэтгэгдэл     Үзэл бодол,  

 

Мөрөөдөл үнэхээр биелдэг гэдэгт итгэдэг үү ? Тиймээ, мөрөөдөл биелдэг. Хэзээ гэж үү? Мэдээж аливаа зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа, тохиромжтой нөхцөл гэж байдаг. Зүгээр л цагийг нь ирэхийг хүлээн хэвтээд,миний мөрөөдөл хаачихав гэж толгой сэгсэрдэг хүмүүс олон. Харин тэр л цаг хугацаа,тохиромжтой нөхцөл байдал нүүр тулан ирэх үед бэлтгэлтэй байвал таны гарт боломж өөрөө гүйгээд ороод л ирнэ. 

        “Саалиа бэлдэхээ саваа бэлд” гэсэн ардын зүйр үг байдаг даа. Өөрөөр хэлбэл та нэг зүйлд хүрэхийг, нэг зүйлийг авахыг хүслээ. Түүнийг өөрийн мөрөөдөл гэж тодорхойлон харлаа гэж бодьё.Тэр өнөөдөр биш ч магадгүй, нөгөөдөр таных болох цаг нь ирнэ.Энэ үед та түүнийг өөрийн болгох бэлтгэл хэр байгаа вэ? Жишээ нь, та том дарга болохыг мөрөөддөг байлаа гэж бодоход, та байгууллагадаа 10 жил ажиллаа. Нэг л өдөр таныг Байгууллагын Удирдах зөвлөлөөс дуудаад “Захирал болох уу” гэсэн санал тавина. Энэ таны мөрөөдсөн зүйл биш гэж үү? Мөн.Дуртай нь аргагүй зөвшөөрнө. Гэтэл та мөрөөдөж суух хугацаандаа дарга хүнд шаардлагатай мэдлэг, ур чадваруудыг бага багаар өөртөө суулгаж байсан бол одоо та жинхэнэ мөрөөдлөө биелүүлэгч болно. Харин зүгээр л календараа хараад л,он жилийг тоолсоор тэр чухал мөч ирэх хүртэл өөрийнхөө бэлтгэлээ хангаж чадаагүй бол та тэр азтай саналд зөвшөөрлөө гэхэд Даргын албан тушаалдаа тэнцэхүү? Удаан тэсэх болов уу? Магадгүй сарын дараа дарга ч биш, 10 жил ажилласан үгүй нь хамаагүй зүгээр л боломжийг ашиглаж чадаагүй “Азгүй нэгэн” болж үлдэх үү? Энэ бол таны л сонголт .

          Миний хувьд ч гэсэн хий мөрөөдөгч байсан үедээ томоохон боломжийг өөрөөсөө болж алдаж байлаа. Түүнээс хойш Мөрөөдөл минь надруу дөхөх, би ч түүн рүү алхам алхамаар ойртож байх хугацаанд азын бөмбөг ойртон ирэхэд шүүрч авах бэлтгэлээ хийсээр л байсан. Тодруулбал, би сэтгүүлч хүний хувьд дэлхийн алдартай одтой уулзах, гайхалтай ярилцлага авах хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан цаг. 7-8 жилийн өмнө манай байгууллага дээр дэлхийн од Жаки Чантай уулзаж,ярилцлага авах гадаад томилолтын тухай яриа гарлаа. Бүгд л явахыг хүснэ. Гэтэл тухайн томилолтонд хамгийн том шалгуур болох англи хэлний мэдлэгийн тухай яригдахад бараг бүгд л саналаараа ”өрсөлдөөн”-өөс гарсан. Би ч ялгаагүй. Тэр хүртэл англи хэлийг сурч байхгүй,юугаа хийж явав гэж өөрийгөө өчнөөн зэмлэлээ. Харин энэ үед Мөрөөдөл минь надад өөрөө надад дээр ирж байхад ,хэрвээ би англи хэлээ улам сайжруулсан байсан бол би тэр боломжийг атгаад л байх байлаа. “Би бол хий мөрөөдөгч” гэсэн дүгнэлтийг өөртөө хатуугаар тавьж, дараагийн боломжийг шүүрэн авахад өөрийгөө бэлтгэж эхэлсэн дээ. Мэдээж тэрхүү бэлтгэлийн үр дүн тэр үеэс хойш 3 жилийн дараа тохиож би гэдэг хүн Мөрөөдлөө биелүүлэгчидийн эгнээнд шилжсэн. 

        Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх тухай хүмүүс байнга ярьж, бусдаасаа асуудаг. Талх авна гэчихээд бид гуталны дэлгүүр рүү алхдаггүй шүү дээ. Үүнтэй л адилаар бид талх авахаар шийдсэн  бол өөртөө аль ойрхон байгаа хүнсний дэлгүүр рүү алхах ёстой. Тэндээс л та хүссэн талхаа авна. Тиймээс та юу мөрөөдөж байна, түүнийхээ зүг рүү алх, түүнд хүрэх ойр замыг хайж ол. Насаараа жүжигчин болохыг мөрөөддөг байсан хирнээ, анагаахын их сургуульд суралцаж, шүдний эмнэлэгт ажилласаар тэтгэвэрт гарч байгаа хүн мөрөөдлийнхөө зүг рүү алхсан уу? Мисс бүсгүйтэй гэрлэх тухай мөрөөддөг залуу, хэзээ нэгэн цагт түүнийг мисс бүсгүй өөрөө олоод ирэх мэт гудамжаар алхсаар байвал энэ биелэх магадлалтай мөрөөдөл үү? Мэдээж үгүй. Харин залуу та мисс бүсгүй тантай танилцаж, яриа өрнүүлэхээр сонирхох хэмжээний “зиндаа”-д хүрэх ёстой. Энд баян тансаг байх зиндааг дурдаагүй юм шүү. Гэхдээ баян,мөнгөтэй байх гэдэг байж болох л нэг зам.Баян хүн болно гэдэг ч бас том хөдөлмөр шүү.Үүнээс гадна та мэдлэг боловсролтой, үнэтэй чамин биш ч дэгжин хувцасладаг,биеэ аятайхан аваад явдаг, хөдөлмөрч,сэргэлэн залуу байвал тантай мисс байтугай бүсгүйчүүд өөрсдөө л танилцахаар хошуурна шүү дээ.

      Эцэст нь хэлэхэд мөрөөдөл, бодол бүхэн биелдэг. Энэ нь таны сайн сайхан ,өөдрөг бодлоос эхтэй бөгөөд  үг үйлдэлээр мөрөөдөлд хүрэх зам харгуйгаа та өөрөө засч байдаг. Мөн та мөрөөдөлдөө хүрэх зөв замаа сонгож, тантай нүүр тулах тэр л аз завшаан, боломжийг алдалгүй шүүрэн авах бэлтгэлээ хэрхэн базаасанаас шууд шалтгаална гэдгийг бүү мартаарай. 

    Та мөрөөдлөө биелүүлэх болтугай.

 

 

С.Ангараг 

2013.07.03

 





Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан