ХҮҮХДИЙН ТЕАТРТАЙ БОЛМООР БАЙНА.
2014-12-03     2 сэтгэгдэл     Үзэл бодол,  

Энэ жилийн хүүхдийн баяр өмнөх жилүүдтэй харьцуулахад хүүхдүүд маань үзэж харах, хөгжих олон тоглолт, арга хэмжээтэй болж өнгөрлөө. Жилдээ ганц болдог энэ л баяраараа хөөрхөн хүүхдүүдээ хаана юу үзүүлэх, яаж баярлуулах билээ гэдэг эцэг эхчүүд бидний хувьд бас нэгэн асуудал болон босч ирдэг. Энэ жил Аса цирк сургуультай амьтадтай тоглолт, Тусгаар тогтнолын ордонд Ирмүүн медиагрупп болон Мөрөөдлийн театр хамтарсан “Динза, Цондоолой,Цүндээлэй Харийнхны эсрэг” тоглолт, МҮЭСТО-д Маск продакшны Буратино, Хүүхдийн ордонд Шинэ үе продакшны хүүхдийн жүжиг гээд олон тоглолт байлаа. Эдгээрээс би хүүхдүүдийнхээ хамт Ирмүүн медиа групп болон Мөрөөдлийн театрын хамтарсан тоглолт, Маск-н Буратониог үзлээ. Тэнд үзэж байгаа хүүхэд бүр өөрсдөд нь зориулсан урлагийн цангаагаа бага ч боловч тайлж, сэтгэлээ сэргээж, ухааралыг, урлагийн сайхан мэдрэмжийг тээсээр гарсан гэдэгт итгэлтэй байна. Бид ч бас өөрсдөө тэдний хамт эргээд хүүхэд болчихсон мэт догдлон, хамтдаа дуулж, инээж үзэж суухад үнэхээр сайхан байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй. Тэдгээр тоглолтууд одоогийн хүүхдүүдийн сонирхолыг татах дуу хөгжим, өнгө гэрэл, үг хэллэг, хөнгөн шийдэл найруулагатай, бүр технологийн шийдлийг бүрэн ашиглаж, тайз дэлгэцийг хослуулсан байсан нь баяр хүргэмээр байсан. Тус бүрт нь сэтгэгдэлээ бичих гэвэл мөд дуусахгүй бизээ..

Бид хүүхдүүддээ чихэр,амттан, үнэтэй хувцас, гар утас, Ipad, компьютер тоглоом гээд л зүйлсийг бэлэглэсээр, хангалттай өгсөөр,тэдний хүслийг биелүүлсээр байна гэж өөрсдийгөө “Онц” гэж дүгнэсээр байгаа хэдий ч тэднийхээ бяцхан ид шид үлгэрт итгэдэг, бодит ертөнц дээр  биш үүлэн дээр хөвдөг гайхалтай уран, цайлган ертөнцийг нь тордох, тэр л газарт нь “Бэлэг ” өгөхөө мартчихсан байна.  Тэр ертөнц рүү нь бид зөвхөн үлгэр, ном, жүжиг, дуу хөгжмөөр л нэвтрэн орж, усалж, тордох, өсгөн цэцэглүүлэх боломжтой. Тэгвэл энэ л ажлыг хийх үүргийг хүлээсэн Хүүхэлдэйн театртай,бид уг нь. Гэтэл тэд жилдээ нэг л удаа /миний мэдэж байгаагаар шүү/ бүрэн хэмжээний жүжиг тавиад түүнийгээ жил тойрон тоглоно. Цэцэрлэгийн голдуу хүүхдүүдэд зориулсан хуруун хүүхэлдэйн жүжиг,төрсөн өдрөө үлгэрийн баатруудтай хамтдаа тэмдэглэх боломж олгодог төрсөн өдрийн үйлчилгээ байна...Өөр?? илүүг хүссэн бидэнд нөгөө л санхүүгийн гачигдал, төсвийн хүрэлцээ бага тухай дурдаж өөрсдийгөө” хаацайлна”. Гэтэл дээр дурдсан хувийн компани,продакшнууд түрээсийн байранд тоглолтын бэлтгэлээ хийж, түрээсийн зааланд тоглож, өөрсдөө хувцас хэрэглэл,тайз,дуу шумаа бүгдийг нь бэлтгээд 2-3 өдөр,өдөрт 3-4 удаа тоглолоо. Өчнөөн зардал гарсан ч эрэлт нь байгаа учир тэд ч зардлаа нөхөж, тодорхой орлогоо ч олж чадсан байх. Гэтэл түрээсийн бус байртай,өөрсдийн гэсэн сайхан тайз танхимтай байж Хүүхэлдэйн театр маань яагаад болохгүй гэж? Магадгүй шинэ уран бүтээлчид, хувийн бүтээлч продакшнуудтай хамтраад ажиллахад ч болохгүй зүйл үгүй сэн. Хэрвээ Хүүхэлдэйн театр /миний хүслээр бол Хүүхдийн театр/ улирал бүр шинэ жүжиг тоглодог, хажуудаа хүүхдийн драмын,уран зохиолын дугуйлантай, тэдгээр хүүхдүүдээ ч оролцуулан шоу тоглолт, нас насанд нь тохирсон драмын жүжгийг өдөр бүр биш гэхэд амралтын өдрүүдэд тоглодог бол сайхаан. Тэгвэл та бид насанд нь тохироогүй хошин шоу тоглолт/нууц амраг,бөгс ярьдаг гэх/ ,оройн цагийн үзвэр,жүжигт дагуулан явж бусдад адлагдахгүй. Мөн Кино театрт жилдээ 1-2 удаа л гарах гадны хүүхэлдэйн кино , кино үзүүлэхээс гадна Хүүхдийн театр руу л амралтын өдрүүдэд хүүхдүүдээ дагуулан очдог баймаар байна. Ядаж л хүүхдүүд маань урлагтай илүү ойр өсч,наанадаж театрын соёлд суралцаж, өөрийн төсөөллийн гайхамшигт ертөнцөө улам цэцэглүүлэж, цаанадаж  кино дээрх аллага хүчирхийлэл бус, хүнлэг,ухаалаг хайрласан уран бүтээлийн үнэнч үзэгчид нь болно. 

Walt Disney- Disney club шиг клубыг /биднийхээр дугуйлан/ Хүүхдийн театр нь дэргэдээ ажиллуулж ирээдүйн урлагийн одод,уран бүтээлчидийг төрүүлж, тэдгээр нь үе тэнгийн хүүхдүүдээ ч үлгэр дууриалал болгодог тийм сайхан үе ирнэ  итгэмээр байна. Disney club-аас төрсөн Бритни спейрс,Жастин Теймбэрлек,Кристина Агулера нар ч бага наснаасаа өөрсдийгөө тэнд л нээж  хөгжүүлсээр одооогийн дэлхийн одод болсон жишээг монгол хүүхдүүд ч давтахгүй гэх аргагүй шүү дээ. 

Чамлахаар чанга атга гэдэг... одоо байгаа Хүүхэлдэйн театр маань шинэ менежменттэй болж, уран бүтээлийн хур буулгасан хүүхдүүдийг соронз мэт татсан тийм л газар байгаасай. Цаашлаад хүүхдүүдийн нас насанд тохирсон /хүүхэд гэхэээр л зөвхөн 10 хүртэлх биш, 16-17 нас ч хүүхэд гэдгийг мартмааргүй байна./ жүжиг,тоглолт буцалж байдаг ХҮҮХДИЙН ТЕАТРТАЙ Л БОЛМООР БАЙНА.

 

С.Ангараг  

2013.06.03





2 Сэтгэгдэл
сарантуяа
миний сэтгэгдэл бол маш өндөр байна
2014-12-06


пүрэвсүрэн
миний сэтгэгдэл охиноосмаань өндөр байна
2014-12-06


Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан