Кино зохиол бичихэд гардаг түгээмэл 5 алдаа
2019-01-18     0 сэтгэгдэл     About Movie,  

#1 Ерөнхийлсэн түүх... уйтгартай

Энэ нь мэдээжийн зүйл мэт боловч та бичиж байгаа зүйлийнхээ талаарх хангалттай мэдлэгтэй биш байвал таны зохиол  хэт ерөнхийлсөн болдог. Кино зохиол нэг талаас нь харвал бодит байдлыг хадгалсан байх ёстойгоос гадна нөгөө талдаа зохиолч таныг илүү бүтээлч байхыг шаарддаг. Таны зохиолыг уншиж байгаа хүн унтчихалгүйгээр цааш уншаасай гэж та хүсч байгаа биз дээ? 

Шийдэл №1

Та агуулгаа сонирхолтой болгоыхын тулд  "Хэрвээ ... яах бол?" Гэх мэт асуултуудыг  зохиол бичиж байх явцдаа өөрөөсөө асуусаар байгаарай. Гэнэтийн, илүү сонирхолтой хувилбарууд тан дээр энэ асуултын хариулт болон ирж болно. Харь гаригийнхан манай гариг руу  довтолбол яах вэ? Дэлхийд цорын ганц аврагч болох  хүүг энэ хорвоод  төрүүлэхээс нь өмнө ээжийг нь хөнөөхийн тулд  алуурчин роботыг ирээдүйгээс илгээсэн бол яах вэ? Хэрвээ таны найз бүсгүй нууц дүүрэн, бүр эгэл биш чадвартай тагнуулч байсныг та мэдвэл яах байсан бэ?

Шийдэл №2

Та кинонуудаас авч байсан мэдрэмжүүдээ эргэн сана. “Муу” кино танд ямар мэдрэмж, сургамж өгсөн бэ? “Сайн” кино таныг хэрхэн хөглөж байсан бэ? Гэхдээ сайн кино хийх гэж хичээхээс илүү муу гэх мэдрэмжийг танд өгсөн кинон дээр ажиллаж, тархины дасгал сайн хийх хэрэгтэй. Хэрвээ та энэ киног хийсэн бол юуг нь өөрчлөх байсан бэ? Үүнээс илүү муу кино болгоно гэвэл юуг нэмж болох уу?  Нэг ёсондоо хамгийн муу хувилбарыг яаж бүтээх үү?  Эдгээр асуултуудын  заримыг нь хариулж эхэлснээр та өөрийн зохиол дээрээ хэзээ ч оруулахгүй муу зүйлийн хязгаар, мөн өмнө нь бодож байгаагүй шинэ сонирхолтой шийдлийг ч олж чадна гэдэгт итгэлтэй байна.

# 2: Таны кино зохиол идэвхигүй, хэтэрхий нуршуу

Энэ нь таны зохиол заавал том тэсрэлт, нударган зодоон, машины хөөцөлдөөн гэх мэт зүйлсээр эхлэх ёстой гэсэн үг бас биш.  Үзэгчидийн хувьд киноны эхэнд тухайн киноны ерөнхий үйл явдалтай холбоотой ямар нэгэн сонирхолтой хэсэг гарахыг хүлээж байдаг. Романаас ялгаатай нь кино зохиол нь тодорхой  мөчлөгүүдэд хүчтэй цохилт, гэнэтийн эргэлтүүдийг хийх хэрэгтэй байдаг. Эдгээр цохилт, эргэлтүүд нь кино зохиолыг урагшуулах үүрэгтэй. Зохиолыг хөдөлгөх хурд нэмж байгаа гэсэн үг. Гэхдээ үйл явдлыг урагшуулж, хурд нэмнэ гэдэг нь хүчээр хурдасгах тухай  биш үзэгчидэд тэр үйл явдлыг болох л ёстой зүйл болж байгаа мэтээр хүлээн авах хэмжээнд оновчтой, зөв байх тухай юм.

Хэрвээ та аймшгийн кино бичиж байгаа бол 5-10 хуудас тутам ямар нэг аймшигтай зүйл, үйл явдлыг оруулаарай.  Үзэгчид тодорхой хугацааны дараах айдаст автах, илүү аймшигтай үйлдлийг хүлээсээр байх болно.

# 3: Зохиолын дунд хэсэгтээ хий дэмий эргэлддэг.

Ямарваа аялалын үед  та хаашаа явж байгаагаа мэдэхгүй л бол дуусгаж чадахгүй. Өөрийгөө ширэнгэн ойгоор аялж байна гээд  төсөөлөөд үз дээ. Хэрэв таны газрын зураг тодорхой бол очих цэг хүртэл та ямар ч асуудалгүйгээр аялах боломжтой болно. Одоо газрын зураггүйгээр энэ ширэнгэн ойг  туулах гээд оролдож үзээрэй.

Олон шалтгааны улмаас зохиолчид өөрийнхөө бичиж байгаа зохиолынхоо дунд төөрч будилж, гацаж орхидог. Тэд бүхэл бүтэн түүхийн эцэс төгсгөлийг бодоогүй,  дүрийнхээ зорилго нь юу болох,  шинж чанарууд  нь хэзээ ч өөрчлөгдөхгүй байх мэт хэт сэтгэл хөдлөлтэйгөөр зохиолоо эхлүүлсэн байдаг.  Тиймээс зохиолоо эхлэхээс өмнө  маш урт үйл явдлын дарааллыг гаргадаг. Энэ нь таныг эцсийн цэгтээ очихдоо төөрч будилахгүй, үндсэн чигээ алдахгүй байхад тусалдаг.

 

# 4: Киноны оргил үе нь үзэгчид болон уншигчдад  хангалттай мэдрэгдэггүй

Хэрэв таны үзэгчид эсвэл уншигчид таны кино зохиолын гурав дахь хэсгийн  үйл явдлыг шууд л тааварлаж байгаа бол  таны  гол баатар тань томоохон дарамттай тулгарч байгаа хэрэг. Уг нь таны зохиолын  оргил үе байгаа боловч үзэгчидэд тааварлашгүй сонирхолтой байдлаар үйл явдал эргэх, өөрчлөгдөж чадахгүй байгаа бол та бичихээ түр азнаад дахин бодох хэрэг гарах нь. Таны гол дүрийн баатар яг энэ хэсэгт сэтгэлзүйн болон бие бялдарын хувьд маш том сорилттой нүүр тулна. Хэрвээ яг энэ хэсэгт гол дүр чинь  маш сонирхолтой шийдвэр гаргаж, үйлдэл хийж чадвал үзэгчидийн хувьд ч киног дуустал үзэх хүсэл, сонирхолыг улам бүр өдөөж өгч чадна. 

 

#5 Дүрүүд нь мартагдахаар.. давтагдсан шинжтэй

Нэг сая гаруй удаа харсан, үзсэн дүрүүдийг дахин харахын төлөө та цаг гарздахгүйтэй адилаар сайтар бодож, төлөвлөөгүй, боловсруулаагүй бол та уншигч, үзэгчидээ алдана л гэсэн үг.  Зохиолын дүрүүдээ тус бүрт нь 3 хэмжээстээр харж тодорхойлохыг хичээ. Тэр дүр олон нийтийн нүдээр харахад ямар хүн бэ? Тэр гэр бүл болоод найз нөхөдтэйгээ хэрхэн харьцдаг вэ? Түүнд ямар нууц байдаг вэ? Зүгээр л царайлаг, алаг нүдтэй, өндөр, туранхай гэх мэт ерөнхий хариулах бус тэр дүрээ жинхэнээр нь “амьд ” дүр болгон бүтээ.

Зохиолдоо дүрүүдээ бүтээж байхдаа дараахь 3 зүйлсээс зайлсхийгээрэй.

  • Дүрүүд үйлдлээрээ үзүүлэхийн оронд хэтэрхий их ярьдаг

Дүрүүдэд өөрийгөө үзэгчидэд харуулах  боломжийг олгохын оронд тэдэнд өөрийнхөө тухай бүгдийг танилцуулан нуршин ярих даалгаврыг зохиолч  та өгчихдөг.  Кино бол зүгээр нэг цаасан дээрх  өгүүллэг биш учраас тэр дүрийн тухай өөрөөр нь тэгж их тайлбарлуулж, нуршуу харилцан яриагаар үзэгчидийг залхаах хэрэггүй.

  • Дүрээ өөрийнхөөрөө  загварчилсан

Зохиолч  таны амьдрал адал явдалгүй, уйтгартай байж болно. Тэглээ гээд таны дүрүүд бүгд уйтгартай, эсвэл зөвхөн зөвийг үйлдэгч байх албагүй. Тиймээс нийгэмд орших бодит дүрүүдээс суралц, өөр хэн нэгний нүдээр харж дүрээ загварчилж болно.

  • Бид энэ дүрийг өмнө нь олон харсан. Таны хувилбар ялгарах зүйл алга

Киноны төгсгөлд гэнэт гарч ирдэг сайхан сэтгэлт залуу, яаж ч гомдоосон үл хайхрагч, агуу хайрлагч бүсгүй гээд л хаа сайгүй кинонд түгээмэл байдаг дүрүүдийг та дахин давтах хэрэг байна уу? Бас аль нэг кинонд бусдаас ялгаран гарч ирсэн онцгой дүрийг одоо өөрийн зохиолдоо хуулбарлах гэж байгаа бол түр азнаарай.  Хэт хэвшмэл, үзэгчидэд хэдийн танил болсон дүрүүдийг өөр хувцас, өөр цаг үе, байршилд оруулснаараа түүнийг цоо шинэ дүр болгож байгаа хэрэг огтхон ч биш.

Хамгийн чухал нь таны дүр ямар нөхцөл байдалд ямар үйлдэл үзүүлж байгаа, яагаад муу зүйл хийх шийдвэр гаргав гэх мэтээр өөрийн дүрүүдээ мөн чанараар дүүргэ. Түүүнээс биш харагдах талын шинж чанаруудыг нэгтгээд зөвхөн дүрийн загвар бус өөрийн гэсэн нууцтай, урьдын гунигтай бөгөөд жаргалтай түүхтэй, тодорхой нөхцөлд сонирхолтой шийдвэр гаргах зан төлөвшилтэй, таны зохиолын үйл явдлуудад тодорхой үүрэгтэй чухал ДҮР болгон “төрүүлээрэй”.

 

 





Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан