Манго жимстэй цай
2019-01-09     0 сэтгэгдэл     Номын тэмдэглэл,  

А.Пүрэвмаа хэмээн нэгэн авьяаслаг зохиолч бүсгүй номнуудыг өмнө нь  олонтаа харж байсан ч “Манго жимстэй цай” хэмээх эл номыг анхлан уншлаа. Тун зөв сонголт хийсэндээ одоо ч баяртай байна. Зохиолчийг танихгүй ч номыг нь амтархан уншиж, номын дрүүдтэй хамт уйлж, гуниглаж, доглож байхдаа ягаад ч юм бэ зохиолч бүсгүйтэй уулзаж ярилцмаар, танилцмаар бүүр нэг тийм сониуч хүсэл төрсөөр байсныг нуух юун. Ингээд энэ номын тухай өөрийн бяцхан тэмдэглэлээ та нартаа хүргэе.

Номын нэр: МАНГО ЖИМСТЭЙ ЦАЙ

Зохиолчийн нэр: А.Пүрэвмаа

Хэнд энэ номыг санал болгох вэ?:

  • Залуу охид, эмэгтэйчүүд
  • Эмэгтэй хүний сэтгэл, мэдрэмжийг ойлгож мэдэхийг хүссэн эрчүүдэд

Номын бүлгүүд:

  1. Хятад хороолол
  2. Охин сэтгэл
  3. Үүрээ орхисон шувуу
  4. Манго жимстэй цай

Номын ерөнхий агуулга:

Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуу 4 найз охидын тус бүрийн сэтгэл эмзэглүүлэм, сургамжит түүхийг өгүүлсэн зохиол. Хүн бүрт амьдралын өмнө янз бүрийн шалтгаанаар, хүнд хэцүү сонголтын уулзвар дээр зогсох үе ирдэг. Эдгээр 4 охины хувьд амьдралын үнэнтэй нүүр тулж, эмэгтэй хүний хувьд хамгийн хэцүү шийдвэрүүдийг хэрхэн гаргаж, даван туулж, ямархан хувь заяаны эзэн болж байгааг харуулна. Эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлог, юунд шаналж, юуг мэдэрдэг болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгаатай талуудын   тухай зохиолч бүсгүй маш мэдрэмжтэйгээр, урнаар бичжээ. Үр хөндөлтийн эсрэг, ээж /эх хүн байх, гэр бүлийн үнэ цэнийн тухай нандин санааг нарийн шигтгэсэн зохиол.

  1. Хятад хороолол

АНУ дах хууль бус цагаач хятад хороололд амьдрах Лянхуа охины тухай. Тэрээр илүүг хүсч, байхгүйдээ шунахаас илүү одоо байгаадаа талархан, сэтгэл хангалуун амьдардаг бүсгүй бөгөөд өөрийн хүслээр сонгоогүй хувь заяаныхаа эрхээр бага залуудаа нөхөрт гарч 2 ч хүүхэдтэй ээж болсон. Бага хүүгээ өлгийдөн аваад удаагүй тэр л үеэс зохиолын үйл явдал эрчимтэй өрнөж эхэлнэ. Ядуу амьдралын тойргоос хүүхдүүдийнхээ ирээдүйг аврахын тулд бага хүүхдээ өөр бусдад өргүүлж, төлөөсөнд нь АНУ-д амьдрах албан ёсны бичиг баримт, үлдсэн ганц хүүгээ сайхан орчинд, сайн боловсрол олгох боломжийг авч үлддэг. Мэдээж энэхүү тохиролцоог хүлээн зөвшөөрч чадахгүй өөртэйгөө маш их зөрчилдөж, эцэст нь  хамгийн хүнд шийдвэрийг тэрээр гаргаж чаддаг.

Эх хүн ямар үед хүүхдийнхээ төлөө санаанд оромгүй хамгийн зоригтой шийдвэрийг гаргаж, төсөөлшгүй хүнд алхамыг хийж чаддаг вэ?

  1. Охин сэтгэл

Солонгос ээж, Америк  аавтай Юна охин насны дэврүүн сэтгэлээр, онлайнаар танилцсан нэгэн залууд дурлана. Хайр дурлал, сайхан амлалтанд гэнэхнээр итгэсэн охин нэг л өдөр  тэр залуу өмнө нь огт амьдраагүй мэт ор сураггүй алга болно гэж хэрхэн мэдэх билээ. Яг энэ л үед охин өөрийгөө бие давхар болсныг мэднэ. Аавтайгаа 2лахнаа амьдардаг тэрээр аавдаа энэ тухай хэлэхээс айна. Өөрийг нь хуурсан залууд гомдсондоо түүнээс үлдсэн тийм том дурсамжийг авч үлдэхгүй гэсэндээ үр хөндүүлэх шийдвэрийг гаргана. Эмнэлэг явж байх замдаа санамсаргүй таарсан жолооч эмэгтэй 20 насандаа яг л энэ үйлдлийг хийснээс болж насан туршдаа ганцаархнаа яажшуухан амьдардаг, хүүхэд төрүүлэхгүй эмэгтэйн зовлонт өдөр хоногуудын тухай хүүрнэн ярихыг сонссон Юна эмнэлэг рүү орсон ч харгис шийдвэрээ өөрчилж хөөрхөн охинтой болж, шинэ амьдралаа эхлүүлдэг. Тэр хүн муу хүн байлаа ч чамайг зориод ирсэн хүүхдийн заяаг гомдоож болохгүй. Мөн энэ бүлэгт Аав хүн гэдэг охиныхоо төлөө ямар хүчтэй байж, хань нь болдог сайн харуулсан   төдийгүй охин насны гэнэн сэтгэл ямар хурдан хисч, өөрчлөгдөж байгаа тухай дүрслэн өгүүлсэн.

Энэ бүлгээс таалагдсан хэсгүүд:

  • “ Намайг битгий өрөвд, өрөвдөх тусам чинь би сул дорой нэгэн болж байна”
  • “ гунигаа тагтааны далавчинд үүрүүлээд хол нисгэ , охин минь”
  • “Чиний тухай дурсамж миний үсний ширхэг бүрт шингэн үлдсэн учир үс минь мөр, энгэр, зүрхийг нөмөрхөд би чамайг тэсэшгүй ихээр санадагаа мэдсээн..”
  • “хэтэрхий шазруунаар гэнэт ирсэн бэлгээ дааж ядан алхах охин нас минь чамаар дүүрч баясаж явдаг хэвээрээ. .. хүсвэл эргээд хүрээд ирээрэй.... чи надад аз жаргалыг үлдээгээд явсан учир хонгор минь би чамайг уучилсан .. “
  1. Үүрээ орхисон шувуу

Мика гэх танхи охины хайртай эгч нь болгоомжгүйгээсээ болж хөл хүнд болсноос эгч нь бүжигчний карьераа алдахгүй гэсэндээ үр хөндүүлнэ. Энэ таагүй эрсдэлтэй үйл явдлаас болж хөөрхий эгч нь тэр шөнөдөө цус алдсаар хорвоог орхисон тэр мөчөөс хойш Мика эмэгтэйчүүдийн энэ зовлонт хувь заяаг өөр дээрээ хүлээн авахгүй гэж дотроо хичээн, охидыг уйлуулж үлдээдэг эрчүүдэд ч хүйтэн хөндий харьцсаар иржээ. Түүний хувьд чин сэтгэлээсээ хайрлаж байсан эгчийгээ алдснаас хойш эд хөрөнгө, мөнгөнд илүү ихээр ач холбогдол өгдөг төдийгүй мөнгөний төлөө нэгэн гэр бүлийн хүүхдийг төрүүлэх тээгч эх болдог. 9 сарын туршид өөрийн хэвлийдээ тээж, зүрхний цолхилтыг нь дотроосоо мэдэрсээр, хорвоо дээр эх хүн болохын, бүхэн бүтэн амьдрал бүтээж байгаа гэдгээ мэдрэх тусам энэ шийдвэрийг зүгээр л гэнэхнээр мөнгөтэй болох нэг хялбар арга гэж бодсондоо өөртэйгээ зөрчилдөнө. Нартад мэндэлсэн үр нь мөнгөөр солигдох гэдэг мэдээж хамгийн харуусалтай, хамгийн гунигт мөч бизээ. Мөнгө аз жаргалыг бүтээдэгүйг бүсгүй сүүлд нь ойлгодог.

  1. Манго жимстэй цай

Энэ бүлэг хамгийн гунигтай нь. Хайр сэтгэлээр нийлсэн гэр бүлийн 2 бага залуу насандаа “одоо цаг нь биш” гэсэн гэнэхэн шалтгаанаар хорвоод тэдний хайр сэтгэлийн үр болон мэндлэх гэж ирснийг “ховсдуулсан охидын савыг чөлөөлөх газар”-т үгүй хийснийхээ  уршгаар олон жил зөвхөн нэгнийгээ харж амьдардаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгнийгээ хайрлах гэдэг зүгээр л хамтдаа байх, дэргэд нь амьсгалахын нэр төдий биш гэдгийг тэд хожимдож ухаарна. Нөхрийгөө хайрлаж байгаа нь гээд хувийн орон зайг нь үгүй хийсээр, хэт их халамж нь нөхрийгөө өөрөөсөө алхам алхмаар холдуулсаар байсныг, үр хүүхэдгүй байх шалтгааныг эр нөхөр нь л бий болгосон мэтээр буруутгасаар байсан нь цор ганцаар, уйлан үлдэх шалтгаан нь болно чинээ бүсгүй яаж мэдэхэв. Хэдийн өөр нэгнийх болчихсон нөхөртөө хорвоод мэндлэх хүүхэдтэй болсон гэдгээ хэлсэн ч хэдийн хожимдсон байна.

Нөхрийгөө өөр нэгэнд алдсан түүний хэвлийд нь бүрэлдсэн үр нь ч хүн болохгүйгээр орхино . Нөхрийгөө өөрийн болгох гэсэндээ ад зэтгэрийн муу аргыг хэрэглэсэн ч эр нөхрөө бүр мөсөн үдэн явуулаад харин оронд нь хөөрхий бүсгүй амьдарч чадаагүй үр хөрвөлийн сүнснүүдийг хардаг, сонсдог болно. Өөрийнх 2 мөрөн дээр зүүгдэн, эрхлэн тоглох 2 ургийн сүнсээс гадна эргэн тойрны эмэгтэйчүүдийн зовлонт дурсамж болсон амьдарч чадаагүй , үр хөндүүлсөн ургийн сүнснүүдийг харж сонссоор галзуурах дөхнө. Ургийн сүнснүүдийн гомдлын дууг сонсоод явах тэсвэрлэшгүй том шийтгэлийг  зовлонт бүсгүй дааж чадалгүй энгэрт нь эрхлэх хувь дутсан ургийн 2 сүнсэн ”хүүхдээ” диваажингийн оронд нь хүргэж өгөхөөр энэ амьдралаас бүр мөсөн явах “зөвшөөрлийг” өөртөө өгдөг.

 

“Охин хүүхэд гэдэг насан туршдаа нялх, нандин, эмзэг хэвээр байдаг шүү. Ертөнцийн тоос, хир буртаг болговол амархан гунддаг цэцэг. Дахиж гэрэлтэж чадалгүй мөнхөд уйтгарласаар дэлбээгээ гээсээр үхдэг цэцэгс. Зүрхэндээ нууж, зүүдэндээ манаж, нулимсыг нь хорвоогоос харамлаж яваарай ”

2019.01.09

 





Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан