Цагийн юм цагтаа …
2015-03-12     0 сэтгэгдэл     Үзэл бодол,  

 

    “Цаг нь болоогүй хайрын төлөө зүрхээ бүү догдлуул.. “ гэдэг дээ.. Нээрээ л бид цаг нь ирэхээр болно доо гэдэг.. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Эхлэх бөгөөд дуусах хугацаатай байдаг. Эхлэх хугацаа нь болоогүй байхад хэдий их хүчилж, хичээж, яарууллаа гээд бүх зүйл хүссэнээр болчихгүй. Хэрвээ хүчээр болгочихлоо гэх боловч энэ нь түр зуурынх байдаг. Магадгүй ингэж яаруулсанаараа бид цаг хугацааг хэмнээд байгаа мэт боловч эсрэгээрээ тэрхүү зүйлийнхээ наслах хугацаанаас хороосон байх талтай. 
    Өөрөөр хэлбэл би өөрийнхөө хувьд санхүүгийн хувьд нөөцөө бүрэн бэлдээгүй, мэдлэг туршлагыг хангалттай хуримтлуулаагүй байж, хурдхан л ресторантай болж, эзэн суухын их хүслэнгээ биелүүлэхийн тулд бусдаас мөнгө зээлж, сэтгэл хөдлөлөөрөө ресторанаа нээчихлээ гэж бодоё. Хангалттай мэдлэг, туршлагагүй би эхний сорилтуудад л өвдөг сөхрөнө, бусдаас зээлсэн мөнгөө төлөх өдөр ирнэ, төлж чадахгүй бол тэр чигтээ дампуурлаа зарлана. Ингээд л дахин өөрийн бизнес эхлэх тухай бодох зүрх зориггүй нэгэн болж, бага хэдий ч тогтмол цалинтайг нь бодон, эрсдэл үүрэхгүй гэсэндээ насан туршдаа харамссан сэтгэлээр дүүрэн өөр нэгний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тэр хүний рестораны менежерийн ажлыг хийсээр дуусна..  
    Магадгүй эхлэх тохиромжтой цагийг хүлээж, мөнгөө хуримтлуулж, хангалттай мэдлэг туршлагатай болж, аливаа эрсдлийг тооцоолдог, сорилтыг даваад гарах хэмжээнд өөрийгөө бэлтгэсээр, цаг нь ирэхэд мөрөөдлөө биелүүлэх гарааг эхлүүлсэн бол удаан хугацаанд, тогтвортой, амжилттай ажиллах байсан байж болно. 
    Хүмүүсийн харилцаан дээр ч мөн адил. Дөнгөж танилцсан байж, шууд л гэр бүл болох, нэг гэрт орох тухай бодох, түүнийгээ хэрэгжүүлэх гэж, гэр бүлтэй болсон найзуудаасаа дутахгүй гэсэндээ, үргэлж эхнэр]нөхөр нэхэх аав ээжийнхээ үгнээс залхсандаа нүдэнд тусаж, сэтгэл дулаан санагдсан нэгэнтэй хэд хэдэн үе шатуудыг алгасан байн нэг гэрт орох нь бий. Гэтэл та 2 тохирох хүн биш байж болно, тэр чиний хайсан нэгэн биш байж болно, алгассан харилцааны тэдгээр үе шатуудад нэгнийгээ хангалттай сайн таниагүйгээс асуудлууд урган гарч, элдэв сорилт бэрхшээлүүдийг давах хэрэг гарна.Эдгээрт бэлтгэлгүй чиний болоод та хоёрын сэтгэл бүдэрнэ, ингээд сална, өөрсдийнхөө амьдралын түүхэнд таагүй дурсамжийг бий болгочихно. Магадгүй үүний дараа дахин хайрлаж дурлахаас, амьдрал зохионо гэхээс айна, халгана, зугатана, итгэлгүй болно. Ингэж явахдаа учрах ёстой байсан тэр нэгэн хүнээс ч зугатсан байж болно. Харамсалтай биш гэж үү? 
     Ингээд бодохоор бид хэт их мөрөөдөж, тэмүүлэх, хүсэх нь өөрсдийгөө одоо цагтаа биш ирээдүйд амьдрах, болоогүй зүйлийн төлөө хэт их санаа зовних, яарах сэтгэлийг болгож, яг одоо байгаа зүйлийнхээ үнэ цэнийг жинхэнэ утгаар нь үнэлэх боломжгүй болгох, сэтгэл хангалуун бус явахад нөлөөлөөд байдаг байх нь. 
Яарвал даарна гэдэг шиг эхлэх болоогүй цаг хугацаа руу хэт тэмүүлэх, наашлуулахаар оролдох нь даарахтай адил олон таагүй үр дагаварыг бидэнд авчирдаг бол эхэлсэн зүйлийнхээ дуусах хугацааг тооцолж, сэтгэлээ шаналгах нь бас л муу үр дагавартай.  
    Дахиад л хайр сэтгэлийн харилцаа дээр жишээ татая. Олон жил хайж явсан сэтгэлийг чинь дүүргэгч нэгэнтэй учирлаа. Хайрлалаа, жаргалтай явна.. Гэтэл хэзээ тэр намайг орхих бол? энэ жаргал хэр богино настай бол? нэг л өдөр бид салах байх даа гэх мэт төгсгөлийн тухай бодлуудад өөрийгөө эзэмдүүлнэ.Уулзах жаргалтай үедээ хүртэл хэзээ ч ирэхгүй баж болох төгсгөлийн тухай бодож санаа алдана. Санаа алдсаар, сэтгэлдээ шаналсаар, нэг л өдөр тэр бодлоо нөгөө түндээ хэлнэ, дараа нь байнга сануулна, хамтдаа шанална… ингэсээр нэгэнт  л дуусах гэж байгаа юм чинь одоо ингэж сэтгэл, цаг гаргах хэрэг байна гэх мэт зохиомол шалтгаанууд гарч ирнэ. Анх байсан нэгнийгээ гэх сэтгэл бага багаар дундарсаар.. Ингээд хүссэнээр нь эхлэснээсээ хойш тун удахгүй та 2-н харилцаанд цэг тавигдана.. 
Зүгээр л одоо байгаа, хамтдаа бүтээсэн аз жаргалтай үедээ хамтдаа амьдарч, дуусах байсан ч  хамаагүй, дуусахаас нь өмнө хангалттай сайхан цаг хугацаа, дурсамжийг бүтээ л дээ.. болохгүй гэж үү? 

Бүх зүйл цаг хугацаатай. Эд зүйлс элэгдэж дуусах, алдар нэр нэг дүрэлзээд буцаад унтрах гээд бүгд өөрийн гэсэн хугацаатай. зориулагдсан тэр л цаг хугацааг тэр л зүйлд нь зориул.
Өнгөрсөндөө бус, ирээдүйд бус яг одоо байгаа цаг хугацаандаа л сэтгэл хангалуун, жаргалтай амьдар … 





Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан