Өнгөрснөө эргэн харах уу? Болих уу?
2014-12-04     0 сэтгэгдэл     Үзэл бодол,  

 

Өнгөрсөнөө мартаж болохгүй шүү,чи хэн байлаа даа.. Өнгөрснөө яах гэж байнга боддог байна, хэдийн өнгөрсөн зүйл.. энэ мэт Өнгөрсний тухай олон л бодол, санааг та сонсож байсан нь лавтай. Миний ч хувьд ялгаагүй. Би хааяахан өнгөрсөндөө оччихсон, бодчихсон суудаг. Тэндээс юу хайж, тэндээс юуг энэ үедээ авчирах гээд байгаагаа үл мэднэ. Гэхдээ л энэ цаг үеэсээ түр болов холдож Өнгөрсөнд үлдсэн сайн сайхан, эсвэл сургамж болсон бүхнийг эргэн нэг бодож, өөртөө мартах шахсан мэдрэмжүүдийг авчирах нь сонихон.
 
Хүн өнөөдөр байгаадаа сэтгэл дундуур байгаа үедээ өнгөрсөнд байсан өөрийн хэцүү бүхэн, одооноосоо дор байх үеийн тухай заавал нэг эргэн санавал зүгээр. Магадгүй тэр хүний өчигдөрийн зовлон нь өнөөдрийн жаргалтай үеийн эхлэл,ахих нэг шат нь байсан гэдгийг улам илүүтэй мэдрэх байх. Тэр хэрээрээ өнөөдөр чинь ямар үнээр олдсоныг бусдаар хэлүүлтгүй өөрөө ухан ойлгоно биз.
 
Харамсаад харамсаад барахгүй учрал,үйл явдал,сонголт танд байсан л биз дээ.Тэр бүхнийг өнөөдөр дахин дахин бодлоо гээд өөрт таньэргэн  ирэхгүй, харин ч харамсалыг дагасан гуниг, өөрийгөө эсвэл бусдыг буруутгах,үзэх ядах сэтгэлийг дахин дахин төрүүлсээр л байна. Тэгвэл яах ёстой гэж ? Харамсал төрүүлсэн өнгөрсөнөө нэг л удаа бод. Эргэцүүлээд үзье. Би яг юунд нь харамсаад байна вэ? Яг алийг нь өнгөрснөөс өнөөдөртөө авчирах гээд ухаан санаагаа чилээнэ вэ? Тэндээс авч болох,өнөөдөрт авчирч болох нэг л зүйл бий. Энэ бол сургамж. Маргааш эргэн харамсахгүйн тулд өнөөдөртөө өчигдөрөөсөө сургамж авч зөв сонголт, зөв үйлдлийг хийх нь л чухал.
 
Өнгөрсөн үе гэдэг эргэн ирдэггүй болохоороо дахин дахин бодогдож, үнэтэй ,сайхан байсан мэт санагддаг байх. Би л тэгж боддог. Сурагч байсан үе шиг жаргалтай, завтай үе байгаагүй мэт. Магадгүй өнөөдөр намайг эргээд сургач болгочихвол би урьдын л адил том болохыг,угтан ирэх маргааш руугаа л яарсан хэвээр л байна байх. Оюутан насны хөнгөн дурлалуудыг өнөөдөр санагалзан байвч,тэр үеийг өнөөдөртөө авчираад хөнгөн дурлал,догдолсон тэр мэдрэмжүүдийг надад өглөө ч магадгүй би тэр үедээ хүсдэг байсан шиг,Үүрдийн хайр,үнэнч ханийн тухай мөрөөддөг хэвээр л байна байх. 
 
 Өнгөрсөндөө харамсаж,эргэн харсаар байх тусам та маргааш руугаа алхах замдаа түр зогсож,илүү сайхныг ирээдүйд авах хугацаанаасаа хугасалж байгаатай нэгэн адил. 
 
Гэхдээ өнөөдрийнхөө үнэ цэнийг илүү мэдрэх үедээ, өөртөө урам хайрлах гэж, өнгөрснөөс танд ирэх сайхан дурсамж, сэтгэгдлэлүүдээ хааяахан нэг задалчихаад эргээд хурдхан тэр л хуучны хавтасаа хааж байгаарай. Түүний дараа ирээдүйд ирэх илүү сайн сайхан, амжилтын амтыг мэдрэхийн тулд илүү хурдан урагш гүйгээрэй. Хуучны сайхан дуунууд, дурсамж дагуулсан фото зургууд, адал явдал болоод залуу насыг санагдуулах танилууд, сургамж хайрласан тохиол бүхнээ мартахгүй ч ӨНӨӨДӨР    -тэйгөө би холихгүй.
 
С.Ангараг
2013.07.23




Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан