100 сарнай
2014-12-03     1 сэтгэгдэл     Номын тэмдэглэл,  

Завсарлагааны хонх дуугарлаа. Би ч үүрэгт ажлаа завсарлагааны хэдхэн минутанд амжуулахаар ангиас год үсрэн гарлаа. Намайг сургуулийн коридороор алхахад ангиасаа гарч ирэн зогсох охид хөвгүүд бүгд л цаанаа нэг горьдлогын харцаар харна. Би гэдэг хүн хишиг таараан яваа хаан шиг л додигор алхана шүү дээ. Анги руу нь дөхөж очоод нэрийг нь лавлан асуусан дор л тэр хүүхэд нь гүйх шахам гарч ирээд л миний гараас захиаг шүүрэн аваад алга болж өгнө дөө.Ямартаа ч 3-р цагийн завсарлагаанаар 5 хүүхдийн захидлыг өгч амжлаа шүү.

Ингээд л буцаад ангидаа орж ширээндээ суунгаа дараачийн завсарлагаанаар аль ангийн хэнд захиаг нь хүргэхээ лавлан харлаа. өнгө өнгийн цаасанд боож, элдэв янзаар хаягласан, зарим нэгэн дээр нь зүрх,сарнай гээд хайр сэтгэлийг илэрхийлэх юу л байна тэр бүгдийг зурсан олон захидлууд дундаас “10 а ангийн Хонгорзулд” гэж хаягласан захидал нүдэнд туслаа. “Хэн ингэж Хонгорзулд захидал бичдэг байнаа? Миний хайрладаг охинд захидал бичнэ гэнээ…. За яахав,одоохон мэдээдэхэе” гэж амандаа шивнээд нөгөө захидлыг аваад халаасандаа хийж орхилоо. Тэгсэнээ гэнэт өөр хэн нэгэн хараагүй байгаа гэсэн бодол төрж ангийнхныгаа тойруулан харвал хэн ч намайг анзаарах сөхөөгүй урагшаа,самбар ширтэн сууна.Долоо хоногийн дараа авах шалгалтанд ирэх тестийн тухай англи хэлний багш тайлбарлаад, ангийнхан ч анхааралтай сонсоно. Англи хэлний багшийн аялгатай ярих ярианаас мэддэг англи үгнүүдээ олж сонсох гэдэг бас ч хэцүү шүү. Харин миний толгойд “хэн энэ захиаг бичсэн бол? Юу гэсэн бол” гэсэн бодлууд л эргэлдэнэ. Бас халаасанд байх тэр захидал өмдийг минь цоо түлэх гэж байгаа мэт халуу дүүгэнэ. Хичээлийн завсарлах цагийг хүлээнэ гэдэг мянган жилийг туулахтай адил санагдан би шууд л гар өргөн “багшаа би гарчихаад ирж болох уу? ОО орох гэсэн юм” гэхэд багш нүднийхээ шилний дээгүүр намайг ширүүхэн ширтдэг байна. Тэгсэнээ “завсарлагаанаар юу хийж явсан хүн бэ? үнэхээр л тэсэхгүй байгаа бол яв даа” гэх нь тэр.

Би ч ухасхийн үсрэн босч ангийн хаалгаар шурт хийн гарч гүйлээ. Хичээлийн цаг учир ООн өрөөнд хүн байсангүй. Халааснаасаа захидлыг гаргаж ирэн нухацтай уншлаа. “сайн байна уу? Хонгорзул нэрэндээ таарсан хөөрхөн охин чамд гэгээн хайрын баярын мэнд хүргэе. Би чамайг харж явдаг болоод жилийн хугацаа өнгөрчээ. Энэ л өдөр зүрх гарган сэтгэлээ илэрхийлж байна. Хэрвээ чи миний сэтгэлийг хүлээн авахыг зөвшөөрч байгаа бол өнөө оройн Валентины үдэшлэгээс өмнө надад хариу илгээгээрэй. чин зүрхний минь хайрыг хэрвээ чи хүлээн авбал би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай нэгэн болж, Хайрын баярын үдэшлэг дээр чамтай хамт бүжиглэхсэн… 10в ангийн сурагч Галбадрах” гэсэн мөрүүд дурайна.

“Галаа, Галаа. Өөдгүй муу Галаа бичсэн байх нь. Найз найз гэчихээд миний хайртай охинд хандрана гэнээ. Найз ч бол доо. Намайг Хонгороод сайн гэж хэлэхэд юу гээд байлаа. “Наад охин чинь чамд тохирохгүй. Байдаг л нэг охин байна”гээд байсан хүн чинь харин өөрөө нууцаар түүнд захиа илгээж байдаг байна шүү. Ямартаа ч би энэ захиаг Хонгорзулд өгч болохгүй. Аягүй бол Хонгорзул зөвшөөрчихвөл яана. Орой үдэшлэг дээр түүнд барих гэнэтийн бэлэг ч худлаа болно шүү дээ.тэгэхээр би яах ёстой вэ? ” гэж өөрөөсөө асуун хэсэг бодлоо. “Аан, зөв. Хайртай охиноо өөр бусдад алдахгүйн тулд анд нөхөрлөлөө ч үл хайхран ямар нэгэн юм хийх хэрэгтэй” гэж шийдээд бушуухан анги руугаа гүйлээ. Англи хэлний хичээл завсарлахаас өмнө амжиж,дэвтэрийн хуудас дээр Галаагийн захидлын хариуг яаруухан бичлээ.

Юу гэж бичихээ бодож, эмэгтэй хүүхдийнх шиг цэвэрхэн бичих гэж хичээсээр суутал заварлагааны хонх дуугарчихлаа. Цаасаа хурдхан хэд хэд нугалаад “10в ангийн сурагч Галбадрахад” гэж хаяглалаа.Тэгтэл ч салааныхаа хамгийн хойно суух Галаа ч над руу яаран ирээд: За найз минь. Захиагаа зөөсөөр л байна уу? Надад захиа ирээгүй биз? Гэж их л догдлонгуй асуулаа шүү. Захиануудаа тараагаад дуусч байнаа. Их ч хариуцлагатай хэцүү ажил байна шүү. Чамд захиа ирсэн шүү. Харин хэнээс юм бол доо гэсээр би өөрийнхөө бичсэн захиаг Галаагийн гарт атгуулчихлаа.Галаа ч догдлож хөөрсөн хүн тэр дор нь задлан гүйлгэн уншаад нөгөө баяр хөөр, додлол нь ор мөргүй алга болж,гунигт харцтай хөөрхий нэгэн болж хувирлаа. Би юу ч мэдээгүй царайлан: Алив. Нааш нь өг дөө. Хэнээс вэ? Гэсээр Галаагийн гараас захиаг авч их л нухацтай уншиж буй хүний дүр эсгэлээ. “Уучлаарай Галаа.би чиний сэтгэлийг хүлээн авч чадахгүй нь. Учир нь би өөр хүнд сайн. Баяртай . 10а Хонгорзул” гэсэн бичгийг анх удаа харж байгаа мэт ,бас ч үгүй найздаа санаа зовсон нэгэн болж санаа алдан Галаа руу харлаа. Галаа юу ч хэлэлгүй ширээндээ очин суучихлаа. Миний дотор ч ялалт байгуулсан баатар болсон мэт сэтгэгдэл төрж, хурдхан ангиас гарахгүй бол дотор минь буцалж байгаа баяр хөөр тэсрээд ил гарчих гээд байх шиг санагдсан үлдсэн хэдэн захиагаа аваад ангиас яаран гарлаа.

Сургуулийн урлагийн заалыг элдэв өнгийн шаар, улаан өнгийн туузнууд,бас картон цаасаар хийсэн том том улаан зүрхнүүдээр чимэглэсэн байна. Тайзны арын хөшигөнд “Valentine’s day” гэсэн том бичгийг хоё зүрхний хамтаар өлгөж тогтоосон байх нь зааланд орж ирсэн хүн бүрийн нүдэнд шууд тусна. Тийм том биш ч сургуулийн маань хамаг л арга хэмжээнд хэрэглэддэг,хуучин өсгөгчөөр хайрын дуу уянгална.Ингээд сургуулийн ахлах ангийнханд зориулсан Гэгээн хайрын баярт зориулсан үдэшлэг эхэллээ. Би гэдэг хүн үдэшлэгийг зохион байгуулж байгаа Сурагчидын зөвлөлийн дарга учир хийх,зохицуулах ажил мундахгүй.бүх л ажилд өөрийн биеэр оролцохгүй бол дутуу болоод байх шиг санагдаад байдаг муу зантай хүн дээ. Ямар сайндаа л 7 хоногийн өмнөөс сургуулийн үүдэнд байрлуулсан хайрын захидлын хайрцаганд хийсэн захидлуудыг өөрийн биеэр эздэд нь таарааж байхав дээ.Үдэшлэг тал дундаа орчихсон байхад миний хайртай Хонгорзул маань ер үзэгддэггүй шүү.

Би ч сэтгэлээр унаж,энэ үдэшлэгийг зөвхөн түүнд зориулан чадлаараа хичээсэн байтал ирээгүй болхоор шууд л хаяад гарчихмаар л санагдаж,уруу царайлан суутал заалны үүд нээгдэн яг л үлгэрт гардаг үнсгэлжин шиг дэгжин даашинзтай, үсээ сул тавьж, шигтгээ нь гялалзсан хөөрхөн жижиг хавчаар зүүчихсэн эелдэгхэн инээмсэглэсэн Хонгорзул маань ороод ирэх нь тэр. Миний сэтгэл догдлоод шуудхан гүйгээд очих дөхлөө. Тэгтэл хажууд Галаа ирчихсэн гартаа нэг ширхэг улаан сарнай барьсан хувцас хунараа янзлаад үсээ илж харагдлаа. Тэгсэнээ “Хонгорзул надад зөвшөөрөхгүй гэж хариу өгсөн ч би эцсийн удаа үзээд алданаа. Найздаа амжилт хүсээрэй” гээд намайг хариу хэлж ч амжаагүй байтал шуудхан Хонгорзулыг чиглэн алхдаг байна шүү. Би дэмий юу болохыг харан зогслоо. Галаа Хонгорзулд дөхөн очоод нөгөө сарнайгаа өгч,бүжгэнд урилаа.Хонгорзул ч дуртайяа инээмсэглэн түүний сарнайг авч нэг үнэрлээд нөгөө гараараа Галаад хөтлүүлэн бүжгийн талбай руу хамтдаа орж ирлээ.

Тэр хоёрын царай баяр хөөрөөр гэрэлтэж байлаа.бүжгийн намуухан аянд найган бүжих зуураа хоорондоо ярилцан инээн байгаа хоёрыг хараад миний бүхий л мөрөөдөл,төлөвлөгөө ор мөргүй хийсэн одлоо. Хонгорзулын туяхан бэлхүүсээр тэврэн бүжиглэх зуураа Галаа над руу харан инээмсэглэж гараараа “ОК” гэсэн дохиог илэрхийлж байгаа нь Хонгозул түүнтэй үерхэхийг зөвшөөрсөн гэдэг нь илт байлаа. 3 сарын өмнөөс мөнгөө цуглуулан байж,Хонгорзулд л өгнө гэж худалдаж авсан сагстай сарнайгаа барин бүжгийн талбайн голд бүжиглэх Галаа,Хонгорзул хоёр руу алхалаа. “Хонгорзулаа май. үүнийг чамд Галаа өгч байгаа юм шүү. Энд яг 99 ширхэг улаан сарнай байгаа. Түрүүнд чамд өгсөн нэг сарнайтай нь нийлээд 100 ширхэг сарнайг чамд хайрын билэгдэл болгон өгч байгаа юм шүү. Та хоёрт аз жаргал хүсэе” гэж өөрийгөө хүчлэн байж хэлчихээд шуудхан заалнаас гарч явлаа. Галаа гайхсан,асуусан харцаар надруу ширтсээр хоцорлоо. Хүн бүхэн хайртай хүнтэйгээ сэтгэлээ хуваалцаж,жаргалтай байхад би л ганцаараа оройн хүйтэнд,гудамжаар,урамгүйхэн алхана. Утсанд мессеж ирсэний дохио дуугарлаа.”найз минь баярлалаа. чамайг хайрын тэнгэр ивээг. Галаа” гэсэн мессеж ирсэн байв.





1 Сэтгэгдэл
muujgai
wow 10 jild valentines day-n zahia hurgej bsan maani sanagdchihlaa sxan dyrsamjtai mochuud shuu..amjilt husii naizaa
2014-12-04


Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан