Төрсөн өдрийн баяр яагаад чухал вэ?
2014-12-03     0 сэтгэгдэл     Үзэл бодол,  
Төрсөн өдрийн баяр
Төрсөн өдрийн баяр гэдэг тухайн хүний хорвоод мэндэлсэн,нас нэмсний баяр байдаг. Дэлхий дээрх улс үндэстнүүд өөрсдийн уламжлал, шашин шүтлэгээсээ шалтгаалан төрсөн өдрийн баярт янз бүрээр ханддаг. Ихэнх улс нийгэмд хүний тодорхой нас нэмэгдэхийн хирээр нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, эрх нэмэгдэж байдаг. Жишээлбэл, сонгуульд оролцох, санал өгөх, архи согтууруулах ундаа хэрэглэж болох, цэргийн алба хаах гээд.
Зарим нэгэн сонирхолтой жишээ дурдахад 
•    Идуэ шашинтнуудын  хөвгүүд нь 13 нас, Bar mitzvah, охид нь 12 нас хүрээд bat mitzvah гэсэн ёслол үйлддэг. Энэ үеэс тэд нийгмийн амьдралд оролцох боломж нь нээгдэн, нэг ёсондоо том хүн болж эхэлдэг байна: 
•    Харин хинду шашинтнууд хөвгүүдийн 12 эсвэл 13 насыг нь онцлон авч үздэг бол ФИллипинчүүд охидын 18  нас, хөвгүүдийн 21 насыг онцлон авч тэмдэгэлэгдэг тодорхой ёс дэг тогтсон байдаг байна.
•    Америкчуудын хувьд 16 насны болон 21 насыг онцлон үздэг.
Энэ мэтчилэн хүний төрсөн өдрийн баяр бүр өөр өөрийн гэсэн онцлогтой утга учиртай байдаг. 
Яагаад онцгой өдөр гэж?
Төрсөн өдрийг наснаасаа болон тухайн хүний онцлогоос шалтгаалан жил бүр өөр өөр сэдэв төрөлтэйгээр тэмдэглэдэг байвал зохимжтой. Учир нь хүний нас гэдэг ганц л удаа тохиодог, эргэн хэзээ ч ирдэггүй. Та хэзээ ч 9 настай, 18 настай болохгүй. Тэгвэл таны 9 насны төрсөн өдрийн баяр зуслан дээр,найзууд дундаа өнгөрүүлсэн, үлгэрийн баатраар дүүрэн байсан бол 18 насны насанд хүрч байгаа баяраа хэзээ ч мартагдашгүйгээр,харамсахгүйгээр зохион байгуулан тэмдэглэх хэрэгтэй. Магадгүй та 50 нас хүрсэн хойноо таны өнгөрүүлсэн жил бүрийн төрсөн өдрийн баяр бүр өөр өөрийн гэсэн өнгө, тухайн үеийн таны сэтгэл хөдлөл, зан байдал,сонирхолыг илэрхийлэхүйц гайхалтай дурсамжуудыг хадгалан үлдсэн байвал сайхан биш гэжүү? 
Түрүүн хэлсэнчлэн жил бүрийн төрсөн өдрийн баяр чухал ч үүнээс онцлон монголчууд та бид дараахь 2 насны төрсөн өдрийн баярыг онцгойлон үзэх ёстой.
 
1 насны төрсөн өдрийн баяр. 
Таны хүүхэд хорвоод мэндлээд бүтэн жилийг ардаа үдэж байгаа, 1 насны төрсөн өдрийн баяр гэдэг зөвхөн түүний бус танай гэр бүлийн онцгой баярын нэг яах аргагүй мөн. Бид хүүхдээ бага балчир гэж голж, одоохондоо юу мэдэхэв гэсэн байдлаар хайнга хандаж, нэг бол зөвхөн томчууд нь идэж ууж, наргисан өдөр болгон өнгөрүүлдэг. Тэгвэл та хайртай хүү, охиндоо зориулан их бага хэмжээний хамаагүй, өөрийн боломжиндоо тохируулан баярын ширээ, онцгой орчин тохижуулж,чимэглээд,танд аз жаргал авчирсан түүндээ хамгийн сайхан бэлгийг бэлдээрэй. Мэдээж олон сайхан гэрэл зураг, видео бичлэг, дурсгалтай зүйлс үлдэнэ. Хүүхэд чинь өснө, том болно. Та магадгүй түүнийг өсвөр насны,амьдралдаа чухал сонголт хийх үед нь, сэтгэлээр унаж,гуньж гутрах үед нь хажууд нь байж чадахгүй ч байж  болно. Харин тэр үед түүнийг хорвоод мэндлэхэд ямар олон хүн баярлаж, хайрлаж, тэр өөрөө ямар их хүндтэй нэгэн болж ирсэнээ таны тэр жаахан үед нь гаргасан сэтгэлийн бэлэг, баярын дурсамж л хамт байж, цаашид олон бэрхшээл нугачааг давах сэтгэлийн их тэнхээ, итгэлийг хайрлаж байх болно. 
 
 
16 насны төрсөн өдөр 
Монгол улсад 16 нас хүрсэн хүн иргэний үнэмлэх гардан авч, Монгол Улсын иргэн боллоо гэж үздэг. Нэг ёсондоо 16 хүрсэн хүн илүү их хариуцлагатай, өөртөө эзэн болох ёстой, нийгмийн амьдралд оролцох оролцоо боломж нь нэмэгдэж байгаа гэсэн үг. Хүүхэд гэж байсан хөвгүүд, охидууд Монголын улсын иргэн гэсэн үнэмлэхээ гардан авч, том хүн болж байгаагаа мэдэрнэ гэдэг чухал бөгөөд баярт үйл явдал. Гэтэл өнөөдөр иргэний үнэмлэхээ хорооны, дүүргийн мэргэжилтнээс зүгээр л нэг цаас авч байгаа мэт хүлээн авч байгаа нь үнэхээр харамсалтай. Заримдаа бүр загнуулж, зандруулан байж иргэний үэнмэлэхээ авах  нь ч бий. 
Уг нь бид 16 нас хүрч байгаа хүү,охиныхоо төрсөн өдрийн баярыг илүү хүндэтгэлтэй, сайхнаар зохион байгуулж, хороо дүүргийн засаг даргын тамгын газраас ч 16 нас хүрч анхлан иргэний үнэмлэхээ гардан авч байгаа хүүхдүүдэдээ онцгойлон хандаж, жижиг хэмжээний ёслолын арга хэмжээ зохион байгуулж, хүндэтгэлтэйгээр иргэний үнэмлэхийг нь гардуулдаг байвал олон сайн үр дагавартай. Жишээлбэл, хүндэтгэн гардуулж байгаа иргэний үнэмлэхийг үнэлэх,хайрлах, өөрийнхөө нийгмийн өмнөх үүрэг хариуцлага нь нэмэгдэж байгаа гэдгийг тухайн хүүхэд ухамсарлах болно. Мөн 16 насны төрсөн өдрийг нь гэрийнхэн нь найз нөхөд нь ч онцгойлон үзэж, эцэг эхийн зүгээс том баяр хүргэж байгаа ч нөгөө талаар үүнээс хойш чи биеэ даах, хувь хүн болж байгаа шүү гэдгийг нь нэг ёсондоо сануулж өгнө. 
Өнөөдөр манайхны дунд өсвөр насны хүүхдээ хэт том болсон мэт санаж, нэг бол өөрсдөө хүүхдийнхээ хүсэл сонирхолыг танин мэдэж, түүнд зориулалт гаргахаас цааргалдаг, түүнчлэн төрсөн өдрийн баяраар нь мөнгө өгөх, хэт дураар нь орхих байдал түгээмэл болоод байгаа. Тэр дундаа 16 насны төрсөн өдрийн баяраар нь хүүхэддээ буруу эрх чөлөөг олгож, мөнгө төгрөг өгөөд, зарцуулалтанд нь хяналт тавьж чаддаггүйгээс өсвөр насныхан олон эрсдэлд орсоор байна. Тухайлбал, эцэг эхийн хяналтгүйгээс төрсөн өдрийн баяр гэхээр л найз нөхдөөрөө архидан согтуурах, амралт зугаалгаар хол явах, цаашлаад амьдралдаа хар толбо үлдээх алдаа хийх гээд олон эрсдэл дунд бид хүүхдээ “Төрсөн өдрийн баяр ” гэсэн нэрийн дор өөрсдөө үлдээж байна. 
16 нас гэдэг үнэхээр чухал, хариуцлага үе төдийгүй,хүний амьдралд үлдэх хамгийн сайхан үе юм. 
 
2011.10




Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан