"Дархлаа"-тай охид
2014-12-03     0 сэтгэгдэл     Үзэл бодол,  

Дархлаа гэдэг үгийг хэлэхээр л ямар ч өвчинд ажрахгүй,эрүүл чийрэг хүний тухай бодолд тань бууж байгаа байх. Мэдээж аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан, ямар ч эрсдлээс өөрийгөө хэрхэн хамгаалж чадахаа мэддэг бол хэн ч үргэлж эрүүл,итгэлтэй алхаж чадна. Энэ удаад би охидынхоо биеийн эрүүл мэндийн гэхээсээ оюун бодлынх нь дархлааны тухай яримаар байна.

Одоо цагт манай нийгэмд хүний санаанд ч буумгүй гэмт хэрэг, бусармаг үйл явдал тохиолдож, тэдгээрийн хохирогчдын ихэнх нь охид,бүсгүйчүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэл, дээрэм, хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөгө гээд л... Хэрвээ эдгээр бүхэн үгүй бол бидний амьдрал амар тайван байх мэт. 

Өнөөдөр бид охидоо гадаад орчны муу муухай бүхнээс хаацайлж, өндөгөө дарах шувуу мэт хав дарсаар.. тасалгааны цэцэг мэт арчилж тордсоор... гадаах хогийн ургамалаас хамгаалж байна л гэж боддог. Үнэхээр бид тэднийг гадаад орчны “хогийн ургамал” мэт хүмүүсээс, таагүй эрсдлээс хамгаалж чадаж байна уу? Яг өнөөдөр бол чадаж байна. Сургуулид нь  өөрсдөө хүргэж өгч, хаа  ч явсан өөрсдөө дагуулж, гарч орох тоолонд нь хяналт тавина. Гэхдээ охид чинь өсч,том болно. Бидэнгүйгээр нийгэм рүү, бидний холдуулахыг хүсээд байсан тэр л амьдралтай нүүр тулах л болно. Бид охидтойгоо хамт байх хугацаа ч бас тийм ч урт биш гэдгийг бас мартаж болохгүй. Тэгвэл бид хэрхэн өөрсдийн нандигнан ургуулсан “Сарнай цэцэгсээ” амьдрал дээр олноор орших “Хогийн ургамал”  дунд тэсч үлдэх, өөрийнхөөрөө гэрэл өөд улам сайхнаар дэлгэрэн дэлбээлэн ургах тэр л дархлааг өгөх вэ? Тэр дархлааг хаанаас авах вэ? Аль нэг дэлгүүрт зардаг уу? Гадаадаас захиалах уу? Яах вэ? 

Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг, айсан зүйлийнхээ эрхшээлд орох нь амархан байдаг. Тиймээс охид маань мэдлэгтэй, өөрийн гэсэн чигч бодолтой,ямар ч үед биеэ авч явах чадвартай, хийж чаддаг зүйлтэй,тодорхой авьяастай, ирээдүйд тэмүүлэх том мөрөөдөлтэй байж л та бидэнгүйгээр хаа ч , ямар ч “хогийн ургамал” дунд хорчийж хаталгүй, улам бүр цэцэглэх дархлаатай болж чадна гэж би сэтгэдэг. 

Хэрвээ тэр охин хүчирхийллийн тухай мэдлэгтэй, хүн өөрт нь ямар хандлага гаргах нь зүй зохистой эсэхийг мэддэг бол тэр бусармаг үйлдэл улам бүр газар авч,өөрт нь томоохон эрсдэл авчирахаас өмнө өөрийгөө хамгаалж, хэлэх газарт нь хэлж, гэр бүл, ойр дотныхноосоо хэрэгтэй цагт, хэрэгтэй тусламжийг авч чадна. Хэрвээ тэр охин өөрийнхөө давуу тал, сул талыг мэддэг, авьяасаа хөгжүүлж чадсан байвал өөр хэн нэгний үгийг сохроор дагаж, элдэв хэрэгтэй,хэрэггүй зүйлд цагаа үрж, өөрийгөө гээхгүй байж чадна. Хэрвээ тэр охин ирээдүйд том мөрөөдөлтэй, аливаад хандах өөрийн гэсэн хандлагатай бол өдөр тутамд тохиолдох жижиг асуудалд бүдрэхгүй, саад бүрийг даван туулах итгэлийн галыг өөртөө асаасан байна. Хэрвээ тэр охин өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөрийг нь хайрлах ээж, аавынхаа хайрыг үнэлж мэдэрдэг бол муу зуршилд уруу татагдаж, тамхиар биеэ хордуулж, архиар ухаанаа самууруулж, их зантай, ухаан муутай хөвгүүний шахалтаар “охин биеэ” хайрлахгүй өгөөд насан туршдаа харамсахгүй. Хэрвээ тэр охин  хүмүүсийн хоорондын харилцааны талаар мэдлэгтэй, бусадтай сэтгэлээ хуваалцаж, зөвлөлдөж чаддаг бол түр зуурын шохоорхолыг хайртай андуурч, үнэтэй хувь заяагаа хөсөр хаяж, амь насаа хорлох дээрээ тулахгүй л байсан. 

Тиймээ. Өөрийгөө танин мэдсэн,өөртөө хайртай, бусдыг хүндэлдэг, өөрийн гэсэн зорилго мөрөөдөлтэй, мэдлэг боловсролтой л болгож охидоо бид өсгөж, хүмүүжүүлж чадвал энэ бидний зүгээс тэдэнд өгөх том хөрөнгө оруулалт, юунд ч үл ажрах тэр л ДАРХЛАА юм.

С.Ангараг  2014.05.03





Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан